Дэлхий даяар мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар төдийгүй аж үйлдвэр, нийгмийн бүхий л салбаруудад хамааралтай нэгэн шинэ тренд үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. Тийм ээ, энэ бол 5G технологи.
5G бол өнөөгийн бидний хэрэглэж буй өндөр хурдны хөдөлгөөнт интернэтийн 4G/LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үе юм. Хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн хувьд дараах давуу талуудыг нь онцолж болно.
- Хэт өндөр хурдны өгөгдөл дамжуулалт
- Өгөгдөл дамжуулах асар их хүчин чадал
- Өгөгдөл дамжуулалтын асар бага хоцрогдол зэрэг юм.
Ийм ч учраас 5G технологи нь дэлхийн өнцөг булан бүрд асар их хүлээлт, найдварыг үүсгээд байгаа билээ.

Юуны өмнө 5G технологийг аль хэдийн нэвтрүүлсэн Япон, АНУ, БНХАУ, Их Британи, Европын орнуудад ажиллаж, туршлага хуримтлуулсан хүний нүдээр харахад 5G нэвтрүүлэх төлөвлөгөө, хамрах хүрээний тэлэлт, 5G үйлчилгээний үнэ тариф гэх зэрэг маш олон сорилтууд бэлхэнээ ажиглагдаж байсан юм.
Гэхдээ үүнээс илүү хамгийн чухал сорилт бол 5G үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ бодит амьдрал дээр хараахан дэлгэрээгүй байгаа явдал билээ. Харамсалтай нь КОВИД-19-ийн тархалт ч мөн энэхүү технологийг зах зээлд нэвтрүүлэх явц, хэрэглээний өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.
Маш олон үүрэн холбооны операторууд болон үүрэн холбооны дэд бүтэц үйлдвэрлэгч компаниуд хамтран, тухайн орныхоо засгийн газруудынхаа тусламжтайгаар 5G технологи, түүний давуу талуудыг сүр дуулиантай танилцуулсан нь саяхан. Гэвч 5G технологийн олгох төгс шийдлүүдийг хангалттай бүрэн хэмжээнд ашиглахад масс хэрэглэгчийн зах зээл бэлэн биш байгаагаас гадна уг технологийг ашиглаж, үйл ажиллагааны үр өгөөжөө нэмэгдүүлэх бизнесийн салбарууд ч хараахан хөгжиж амжаагүй байгаа нь гол асуудал болоод байна.
Өнөөгийн нөхцөлд зах зээлийн голлох хэрэглээ нь ердөө л мэдээ, мэдээллийг өндөр хурдаар татаж авах хэмжээнд байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл 5G-д түшиглэсэн инновацилаг, шинэ соргог, дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээ масс хэрэглэгчийн зах зээлд нэвтрэх цаг ирээгүй байна гэсэн үг.
5G технологи хэрхэн ажилладгийг тайлбарлахын тулд хэрэглэгч танд зарим технологийн үзүүлэлтүүдийг онцлон танилцуулах нь зүйтэй.
Өмнө дурдсанчлан асар өндөр хурдаар өгөгдөл дамжуулах чадвар дээр эхлээд төвлөрье. Бидний өдөр тутамдаа ашиглаж буй 4G/LTE технологи нь 100 Mbps-ээс хамгийн ихдээ 1 Gbps хооронд мэдээлэл дамжуулах хурдыг үзүүлэх чадалтай байдаг. Харин Мобикомын хувьд ондоо түвшний хэд хэдэн радио долгионы давтамжийг нэгтгэх технологи ашиглан, туршилтын орчинд 220 Mbps хүртэл хурд гарган авсан. Мэдээж хэрэг бодит байдал дээр маш олон хэрэглэгч нэгэн зэрэг 4G/LTE ашигладаг тул дундаж хурд нь ойролцоогоор 20Mbps болж буурдаг. Харин 5G технологийн хувьд 4-20Gbps хүртэлх хурдыг үзүүлэх боломжтой ба энэ нь 4G/LTE технологиос даруй 10 дахин хурдан гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэгээс хоёр цагт татдаг киног ердөө хэдхэн минутад татах боломжтой болох учиртай.

G ТЕХНОЛОГИ ЯАГААД ИЙМ ӨНДӨР ХУРДЫГ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Бидний бие биедээ илгээж буй мессэж, хийж буй дуудлага бүр тухайн хэрэглэгчийн гар утас болон сүлжээ дамжуулах суурь станц хооронд радио долгионы солилцоогоор дамжиж байдаг гэдгийг бид мэднэ. Радио долгион нь “давтамж” болон ”зурвас”-аараа ялгаатай байх бөгөөд түүгээр дамжих 2G, 3G, 4G болон 5G сүлжээнүүдийн онцлогт тааруулан ашиглагддаг. Түүнчлэн, радио давтамж нь олон нийтийн “Wi-Fi”, ФМ Радио болон бусад харилцаа холбоонд ч мөн идэвхтэй хэрэглэгддэг билээ.

Манай орны хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос (ХХЗХ) олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үүрэн оператор компаниуд 4G/LTE сүлжээг 1.8MHz давтамж дээр голчлон ашигладаг. Мөн долгионы давхцал үүсэхээс сэргийлж уг давтамжийг оператор бүрд 10 MHz -20 MHz бүхий өргөн зурвасаар ялгаатайгаар хуваарилж өгсөн байдаг.
Жишээ нь:
• Мобикомын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1735MHz -1755 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1830MHz – 1850 MHz хооронд (Улаанбаатарт)
• Бусад операторын байршуулах (upload) давтамжийн зурвас нь 1710MHz – 1735 MHz хооронд, татах (download) давтамжийн зурвас нь 1805MHz – 1830 MHz хооронд (Өөрсдийн хийсэн судалгаагаар олж тогтоосон болно)

Харин 4G/LTE технологиос ялгаатай нь 5G технологийг дэлхий даяар 3.5GHz-ээс 4.6GHz болон 27GHz-ээс 30GHz өндөр давтамжаар дамжуулах стандарт тогтоод байна. ХХЗХ нь Монгол улсад 5G технологийг ашиглах давтамжийн тусгай зөвшөөрлийг хараахан олгож эхлээгүй байгаа.
Иймд 5G технологийг зах зээлд нэвтрүүлэх чиглэл, зохицуулалтын бодлого, холбогдох журмуудыг зохицуулагч байгууллагуудаас боловсруулсны үндсэн дээр уг технологийг зах зээлд нэвтрүүлэх чадамж бүхий оператор компанид тусгай зөвшөөрлийг олгох нь зүйтэй.

2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газраас 5G технологийг нэвтрүүлэх бодлогын чиглэлийг батлан гаргасан юм. Улмаар ХХЗХ уг бодлогод үндэслэн 5G технологийн тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй дүрэм, журмыг боловсруулах учиртай. Энэхүү бодлогын чиглэлд 5G технологийн давтамжийн тусгай зөвшөөрлийг 2023 оны “Олон Улсын Радио Харилцаа Холбооны Чуулга Уулзалт”-аас гарах 5G технологийн радио долгионы давтамжийн зөвлөмжүүд болон шийдвэрүүд дээр үндэслэн олгоно хэмээн тусгажээ. Тийм ч учраас Монголын үүрэн операторууд 2023 оноос өмнө 5G технологийн техникийн бэлтгэл байдлаа хангаж, 2023 оны сүүлээс 2024 оны эхэн гэхэд зах зээлд нэвтрүүлэх багцаа харагдаж байна.
Харин радио долгионы давтамж ашигладаг утасгүй харилцаа холбооны хувьд өгөгдөл дамжуулах хурд нь зурвасын өргөний хэмжээнээс ихээхэн хамаардаг.
Бага давтамжийн хувьд боломжит зурвасын өргөний хэмжээ бага байдаг бол их давтамжтай тохиолдолд боломжит зурвасын өргөний хэмжээ их байдаг. Жишээ татаж тайлбарлавал, нарийхан усны хоолойгоор нэг дор татах усны хэмжээ бага учраас удаан соруулдаг бол бүдүүн усны хоолойгоор их хэмжээний усыг богино хугацаанд татах боломжтой. Тиймээс өндөр давтамж бүхий 5G технологи ашигласан ч хуваарилагдсан зурвасын хэмжээ нь хязгаарлагдмал бол бол 4G сүлжээнээс мэдээлэл дамжуулах хурд нь илүү гарахгүй гэсэн үг юм.

ТЭГВЭЛ ЯАГААД РАДИО ДОЛГИОНЫ ӨНДӨР ДАВТАМЖУУДЫГ (3.5GHZ – 4.6GHZ ЭСВЭЛ 27GHZ – 30GHZ) ОДООГИЙН 4G СҮЛЖЭЭНД АШИГЛАДАГГҮЙ ВЭ?
Өндөр давтамж нь бага давтамжаас хамаагүй өргөн хүрээтэй, өндөр хурдаар өгөгдөл дамжуулах боломжтой хэдий ч бодит байдал дээр цөөнгүй хүндрэлүүдтэй тулгардаг.
Радио долгионы давтамжийн суурь шинж чанаруудын хувьд авч үзвэл бага давтамж нь хамрах хүрээ их бөгөөд аливаа биет зүйлсийг нэвтлэх чадвар сайтай. Харин өндөр давтамж нь урвуу хамааралтай байдаг. 5G-ийн туршилтаар салхинд хийсэх модны навч ч 27GHz – 30GHz-ийн өндөр давтамжуудад нөлөө үзүүлж байсан бөгөөд барилга байшин нэвтлэх чадвар нь 4G-д ашиглагддаг давтамжаас 10 дахин бага болох нь ажиглагдсан.

Нэг үгээр хэлбэл 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлэх, барилга байгууламж, газар доорх талбай бүрд хүргэхийн тулд нарийн судалгаанд суурилсан оновчтой хөрөнгө оруулалт хийх нь операторуудын хувьд маш чухал юм. Өнөөгийн 2G, 3G, 4G сүлжээгээр хамарсан газар нутгийг 5G-д бүрэн хамруулахын тулд хамаагүй олон тооны станц нэмэлтээр барих шаардлагатай болно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалтын өгөөж болон ашигт ажиллагаа нь мэдээж сөрөг гарна. Тэгэхээр бодит байдал дээр дэлхийн жишгийн дагуу өнөөгийн үүрэн холбооны сүлжээний хамрах хүрээтэй адилаар 5G-гийн хамрах хүрээг өргөжүүлэх боломж огт үгүй гэж хэлж болно.

5G сүлжээг анхлан нэвтрүүлсэн Япон, БНСУ, АНУ зэрэг улс орнуудын туршлагаас харахад голчлон 3.5GHz – 4.6GHz давтамжийг ашиглаж байгаа бөгөөд маш ховор тохиолдолд л 27GHz – 30GHz давтамжийг ашиглаж байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын өгөөжийг харгалзан үзвэл юун түрүүнд 3.5GHz – 4.6GHz давтамжаар дамжих 5G сүлжээний хамрах хүрээг богино хугацаанд, магадгүй 1-4 жилийн хооронд аль болох өргөн хүрээнд тэлэх нь боломжит хувилбар болоод байна. Харин 27GHz – 30GHz давтамжийн сүлжээг дээр дурдсанчлан хязгаарлагдмал, нэн шаардлагатай газруудад нэвтрүүлэх нь зүйтэй.
Сэтгэгдэл үлдээх